Японд очоод асрагчийн ажил хийе гэж шийдсэн бол хичээл болон ажилдаа чиглэсэн бэлтгэлийг хангаад завгүй болох нь ойлгомжтой. Үүнтэй зэрэгцээд Японы амьдралын талаарх мэдээлэл цуглуулах хэрэгтэй болно. Ямар хотод ажиллахаас шалтгаалаад өөр өөр байх ч Японд ажиллаж амьдарч үзсэн гадаадын иргэдээс санал асуулга болон ярилцлага авах замаар Япон улсад амьдрахад мэдэхэд илүүдэхгүй зарим зөвлөгөөг нэгтгэсэн юм. Японд ирээд амьдрахад бэлтгэлтэй байхад зориулсан мэдээлэл гэж бодоод хэрэгжүүлээрэй.
Contents
ГЭРЭЭ САНАХГҮЙ БАЙХЫН ТУЛД..
Шинэ орчинд ирээд япон хэлээр шинэ ажил, амьдрал эхлэхэд гэрээ санах нь бий. Японд амьдарч буй гадаад иргэд хэрхэн гэрээ санах мэдрэмжийг даван туулдаг юм болоо? Непал улсаас ирсэн Мани Гяавали дараах зүйлсийг хэлсэн юм. “Эхэндээ нутгаа санаад байсан ч гэсэн найзууд, ажлын хамт олон, хэлний сургуулийн багш нарын дэмээр дорхноо Японы нийгэмд дасаж чадсан. Нутагтаа байгаа гэр бүлтэйгээ утсаар эсвэл гар утасны үнэгүй апп ашиглаж дүрсээ харж ярилцдаг” гэв. Мөн Монголоос ирсэн Анарбаяр Рэнчинхорол “Монгол хоолны газарт очиход хоолны амт, тэнд байгаа хүмүүсийн яриа зэргээс эх орондоо байгаа мэдрэмж авдаг. Хааяа төрсөн нутгийнхаа хоолны газар очих нь хэрэгтэй байж магадгүй” гэж зөвлөгөө өгөв.
Гэрээ үнэхээр их санаад сэтгэл зүйн хувьд хүнд байвал үнэгүй зөвлөгөө өгдөг үйлчилгээнд хандах боломжтой. “Гэрээ санаад хэнтэй ч энэ талаараа ярилцаж чадахгүй байх үедээ энэ үйлчилгээг аваад англиар ч болов сэтгэлээ нээтэл ярилцаж байсан удаа бий” гэж сэтгэгдэл хэлсэн хүн ч байлаа. Тухайн үйлчилгээг доорх хаягаар хандан авч болно.
・Helpline for foreign languages
・TELL
АМЬДРАХ ОРЧНЫ ДЭД БҮТЭЦ
Япон улсад хотод ч хөдөө орон нутагт ч дэд бүтэц нь хангалттай бүрдсэн байдаг. Японы хаана ч цахилгаан, газ, крантны усны хүртээмж хангалттай байдаг. “Японд крантнаас ундны усаа санаа зоволгүй шууд хэрэглэж болдог нь манай улсад байж боломгүй зүйл байсан. Японы крантны ус цэвэрхэн тул сэтгэл амар шууд ууж болдог. Амьдрах орчны дэд бүтэц сайн хөгжсөн тул юунд ч санаа зоволгүйгээр сэтгэл амар, аз жаргалтайгаар амьдарч болдог” гэж Непал улсын Мани Гяавали хэллээ. Мөн Филиппин улсын Анние “Японы нийтийн тээвэр хэрэглэхэд хялбар, аюулгүй, үнэ хямд байдаг” гэв. Мөн газны хэрэглээнд дасаагүй улсын хүмүүс байгаа бол гарын авлагыг нь сайтар уншаад хэрэглэхэд болно.
Харилцаа холбооны хувьд Японы өнцөг булан бүрд сүлжээ нэвтэрсэн байдаг. Бүр ойн гүн рүү явж орохгүй л бол гар утасны сүлжээ хаана ч барина. Харин гадаадаас анх удаа Японд ирж байгаа хүнд харилцаа холбооны төлбөр өндөр санагдаж магадгүй. “Утасны хэрэглээний өндөр төлбөр, датаны хязгаарлалт хоёрт л санаа зовдог доо” гэх сэтгэгдэл ч байсан.
МӨНГӨ БОЛОН ОНООНЫ КАРТУУД
“Үнэнийг хэлэхэд картнаас бэлэн мөнгө гаргаж авах, шилжүүлэг хийхэд Монголын банкнуудын үйлчилгээ илүү амар санагдсан. Японы хувьд банканд удаан хугацаагаар оочирлодог, ATM-ээс бэлэн мөнгө авахад шимтгэлтэй, шимтгэл нь тухайн цаг, өдрөөс шалтгаалан өөр өөр байдаг” гэж Монголоос ирсэн Анарбаяр Рэнчинхорол хэлсэн юм. Японд мобайл банкны үйлчилгээ сүүлийн үед нэмэгдэж байгаа тул банканд оочирлох шаардлага багассаар байгаа ч банкны шимтгэлийн хувьд бусад орноос үнэтэй байдаг бололтой. Японд мобайл банкнаас гадна АйСи карт, мобайл төлбөр тооцооны систем дэлгэрч, мөнгөтэй холбоотой үйлчилгээнүүд ч мөн улам бүр хялбар болсоор байна.
Мөн Японд онооны карт өргөн хэрэглэгддэг. Дэлгүүр, зоогийн газар, конвиниенс дэлгүүрт оноогоо цуглуулж үр дүнтэйгээр зарцуулах боломжтой байдаг. “Конвиниенс дэлгүүр болон супермаркетуудын янз бүрийн онооны картуудыг ашиглан өөртөө ашигтай худалдан авалтуудыг хийдэг” гэсэн сэтгэгдэл ирсэн байна.
КОНВИНИЕНС ДЭЛГҮҮР
Японд амьдарч байхдаа заавал хэрэглэж үздэг зүйлийн нэг бол сүлжээ бүхий конвиниенс дэлгүүр юм. Японы хаана ч очсон конвиниенс дэлгүүр байдаг гэхэд хилсдэхгүй. “Корона вирусийн халдвар дэгдэлтээс өмнө дунджаар долоо хоногт 3 удаа конвиниенс дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Хүнсээ аль болох супермаркетаас авдаг ч, мартсан зүйлсээ авах эсвэл гэртээ хоол хиймээргүй үедээ бэлэн савласан хоол конвиниенс дэлгүүрээс авдаг. Үүнээс гадна тэндээс шуудан явуулах, принтер ашиглаж материал хэвлэх, ATM-ийн үйлчилгээ авах боломжтой. Нэмээд цахилгаан, усны төлбөрөө төлөх, үзвэр үйлчилгээний тасалбар ч авч болдог” гэж Филиппинээс ирсэн Анние хариулсан байна. Конвиниенс дэлгүүрээс авахуулаад 24 цагаар ажилладаг дэлгүүрүүд Японд маш олон байдаг.