ЯПОН ДАХЬ АЖЛЫН ХЭВ МАЯГ БОЛОН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ДҮРЭМ ЖУРМУУД

Гадаадын иргэд Япон улсыг зорин ирж шинэ амьдрал эхлүүлэхдээ төдийлөн сайн мэддэггүй ямар дүрэм журам байдаг вэ? Аливаа улс орон бүрд ажил, амьдралын хувьд тухайн улсад л байх онцгой дүрэм журмууд байдаг. Тэдгээрийг тухайн соёлын нэг хэсэг гэж хүлээн авснаар ажил, амьдрал жигдрэх хандлагатай болдог. Бид Японд ажиллаж байсан гадаадын иргэдийн анкет, ярилцлагад үндэслэн япон хүмүүс өөрсдөө ч анзаардаггүй ажлын хэв маяг, нийгмийн амьдралын дүрэм журмаас танилцуулах болно.

Contents

Ажиллах хэв маяг

Төрсөн нутаг болон тухайн хүний ​​сэтгэлгээнээс хамаарч Япон дахь ажлын байрны дүрэм журмуудыг хүлээн авах хандлага нь өөр өөр байдаг бололтой. Мөн ажиллаж буй байгууллага, асрамжийн газраас хамаарч ажлын арга барил ч бага зэрэг ялгаатай байна. Харин “цагийг хатуу баримталдаг” гэсэн сэтгэгдэл асрагчдын хувьд нийтлэг, бүгд санал нэг байлаа. Туршлагатай асрагчдын сэтгэгдэл болон Япон талын хүлээн авагч байгууллагын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс ажлын байран дээрх Япон маягийн арга барилын талаар судалцгаая.

・“Анх Японд ирээд дөнгөж ажиллаж эхэлж байхдаа өөрийн эх орон болон Япон улсын хоорондох соёлын ялгаанаас болоод маш их бэрхшээлтэй тулгарч байсан. Ялангуяа цагийн менежмент, цагийг хатуу баримталдаг байдал, асрамжийн газар дахь асруулагч болон ажилтнууд хоорондоо харилцахад хэрэглэх үг хэллэг, хувцаслалт зэрэг нь хамгийн хэцүү байсан. Манай эх оронд ажлаа л ягштал сайн хийж байвал цаг хугацаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан. Мөн ажлын байран дээрх шаталсан харилцаа, үг хэллэгт санаа зоволгүйгээр ажилладаг байсан”

・“Японоос суралцсандаа хамгийн их баярладаг дүрэм бол “Товлосон цагаасаа 5 минутын өмнө очсон байх. Яг цагтаа очвол аль хэдийн хоцорчихсон” гэдэг үзэл баримтлал байв. Төлөвлөгөөтэй байна гэдэг бусдын цагийг хүндэтгэж байгаагийн илрэл юм. Бас нэг таатай санагдсан зүйл бол шинэ он гарахаар бие биедээ илгээдэг мэндчилгээ бүхий шинэ жилийн ил захидал юм. Цахим орчинд харилцах нь олширсон одоо үед цаасан дээр бичсэн мэндчилгээг хүлээн аваад хүн хоорондын жинхэнэ холбоог мэдэрдэг.”

・“Эх оронтойгоо харьцуулахад Японы хувьд уулзалт, хурлууд олон болдог юм шиг санагдсан. Өдөржингөө хуралдах тохиолдол ч байдаг. Бас олон цагаар ажилладаг хүмүүс байдаг.”

Японы асрамжийн газруудад зориулсан гарын авлага бүхий материалаас[1]Японд ажиллахдаа анхаарах зүйлсийг унших боломжтой. Заримаас нь дурдахад:

・Японд заримдаа урьтаж үг хэлэлгүй “нөхцөл байдлыг ойлгох”, “том зургаар харах” замаар харилцан ойлголцохыг хичээдэг.

・Японы ажлын байран дээр “Тайлагнах, Холбоо барих, Зөвлөлдөх” нь маш чухалд тооцогддог.

[1] 三菱UFJリサーチ&コンサルティング株式会社 「外国人介護職員の受入れと活躍支援に関するガイドブック」Mitsubishi UFJ Research & Consulting Co.,Ltd. “Guidebook for Accepting and Supporting Foreign Care Workers”

 

Нийгмийн амьдралын дүрэм, журам

Японд аяллаар очиж үзвэл өөрийн улсаас ялгарах нийгмийн дүрэм журам, ёс зүйн ялгааг мэдээж тодорхой хэмжээнд олж харна. Харин ажиллаж, амьдарч үзсэнээр илүү олон дүрэм журам, ёс зүйн ялгааг олж харах нь гарцаагүй. Та Японд ирсний дараагаар бага багаар сураад явж болох ч урьдчилан судалж мэдсэнээр бусдад төвөг учруулахгүй байж өөртөө таагүй дурсамж үлдээхээс сэргийлэх боломжтой. Японд амьдарч байсан гадаадын иргэдийн сэтгэгдлийг сонирхоцгооё.

・“Японд ирээд анх удаа мэдэж авсан ахуйн амьдралын дүрэм бол хог хаягдлыг ангилах явдал юм. Шатдаг хог, шатдаггүй хог, дахин боловсруулагдах хог, том хог хаягдал зэргээр нь зөв ялгаж хаяснаар, тэдгээр хаягдлыг цуглуулсны дараа баялаг болгон дахин ашиглах боломжтой гэдгийг олж мэдсэн.”

・“Японд мэндчилэх соёл ихээхэн чухалд тооцогддог. Ажил, сургууль, дэлгүүр, тээврийн хэрэгсэл гэх мэт янз бүрийн газруудад мэндчилж байсан нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Мөн хог хаягдлын тал дээр маш цэгцтэй байдаг. Япончууд зөвхөн өөрсдийнхөө гэрийг төдийгүй хүрээлэн буй орчноо цэвэрхэн байлгаж, байгаль дэлхийгээ хайрлаж буй нь үнэхээр гайхамшигтай санагддаг.”

・Японд амьдрахын өмнө хэд хэдэн удаа аяллаар ирж байсан учир амьдралын хэв маяг дээр гайхах зүйл үлдээгүй гэж бодож байсан ч яг амьдраад үзтэл нэмээд олон ололтуудыг хийсэн. Түүний нэг нь яах аргагүй хогоо ангилах заншил”

Амьдралын хэв маягийн тал дээр хог хаягдлыг ангилах журамтай холбоотой сэтгэгдлүүд их иржээ. Японд ангилж ялгасан хогийг хогийн цэгт хаях заасан өдөр гэж байдаг (Өмнөх өдрийн орой нь ч хаяж болохгүй). Мөн ихэнх тохиолдолд зориулалтын уутыг худалдаж аван түүндээ хогоо хийх шаардлагатай байдаг.

Нийгмийн амьдралтай холбоотой дүрэм журмууд тухайн орон нутгаасаа шалтгаалан өөр өөр байдаг. Японд ажиллахаар ирсний дараа ойр орчимд амьдарч байгаа хүмүүсээсээ илүү нарийн лавлаарай. Мөн орон нутгийн засаг захиргаа бүр тухайн мужийн мэдээллээ нэгтгэн гаргадаг тул тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж авах боломжтой. Жишээ болгож Токио хотын захиргаанаас эмхтгэн гаргасан Токио хотод амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан мэдээллийн товхимлыг хавсаргав. Life in Tokyo: Your Guide” .

 

 

 

 

 

 

Scroll to Top