АСРАГЧААР АЖИЛЛАХАД ШААРДЛАГАТАЙ ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН

Асаргаа шаардагдах өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь япон хэлээс өөр хэлээр ярьж чаддаггүй. Мөн ажлын байран дээр шаардлагатай бичиг баримтууд бүгд шахуу япон хэлээр бичигдсэн байдаг. Асаргаа гэх төрлийн хамгийн анхны ажлаа төрөлх хэлээр бус япон хэлээр хийнэ гэхээр сэтгэл зовних хүн цөөнгүй байгаа байх. Тиймээс асрагчаар ажиллахад шаардлагатай япон хэлний түвшингийн тухай японд асрагчаар ажиллаж байсан гадаадын иргэдээс анкет болон ярилцлагаар дамжуулж туршлага судалсан юм.

Contents

АСАРГААНЫ АЖИЛ ХИЙХЭД ЯПОН ХЭЛ ХЭР ЧУХАЛ ВЭ?

Асрамжийн газрын ихэнх ажилтнууд япон хүн байх нь элбэг бөгөөд ээлж солигдох үед нэгээс нөгөөдөө тайлагнахдаа мэргэжлийн үг хэллэг ихээр ашигладаг учраас япон хэлний мэдлэг маш чухал. Мөн асаргаа шаардагдах хүмүүс ихэвчлэн өндөр настан байдаг тул англи хэл мэдэх хүн цөөн байдаг. Тиймээс яах аргагүй япон хэлний мэдлэггүй бол хоорондоо ойлголцож чадахгүй. “Асрамжийн газрын япон ажилтнуудтай японоор ярьдаг. Япон хэлийг сурах тусам сонирхолтой болдог. Ажилтай холбоотой гарын авлагыг уншихдаа толь бичиг болон орчуулгын төхөөрөмж ашигладаг. Гар утасны толь бичгийн апп-ыг голчлон ашигладаг. Ахмад настны яриаг ойлгохгүй үедээ амархан үгээр дахин хэлүүлэх, эсвэл бусад ажилтнуудаас тусламж авдаг” гэж Вьетнам улсын иргэн Хоан Ти Нгок Ан хэлсэн юм. Японд ирээд асрагчаар ажиллахад япон хэлний мэдлэг чухал хүчин зүйлийн нэг байдаг. Ирэхээсээ өмнө сайтар сурах нь чухал шүү.

 

ЯПОНД ИРЭХЭЭС ӨМНӨ ХЭР ХУГАЦААНД ЯПОН ХЭЛ СУРСАН БЭ?

Асрагчийн ажилд япон хэлээр харилцан ярьж чадах нь маш чухал гэдгийг ойлгосон ч анх японд ирээд асрагчаар ажилласан хүмүүс хэр хугацааны өмнөөс япон хэл сурч эхэлсэн байдаг вэ? Хүн хүнээсээ шалтгаалаад сурсан хугацаа нь өөр өөр байх ч яг хичээгээд сурсан нь ихэвчлэн японд ирэхээсээ 6 сараас 1 жилийн өмнө байдаг байна. Гагцхүү япон хэлний шалгалтдаа тэнцэхгүй бол Японд ажиллах боломжгүй байх тохиолдол ч байдаг учир Японд асрагчаар ажиллах сонирхол анх төрсөн цагаас эхлэн япон хэлийг илүү сонирхож, япон хэлэнд дасаж байсан нь зөв болов уу.

 

ЯПОНД ИРЭЭД ХЭР УДАЖ БАЙЖ ЯПОН ХЭЛЭНД ДАССАН БЭ?

“Японд анх асрагчаар ажиллаж эхлэх үед маш их мэдэхгүй үг гарч ирж байсан. Анхандаа санаа зовоод ойлгохгүй байгаагаа хэлэлгүй инээгээд өнгөрч байсан үе байгаа. Гэвч харилцан яриа маань ажилтай холбоотой, тэр байтугай өндөр настны амь настай холбоотой чухал зүйл учраас бусад ажилтнуудаас сайн асууж тайлбарлуулж эхэлсэн” гэж Индонез улсын иргэн Рисванти хэлсэн. Филиппинээс ирсэн Алберт Фернандез “Японд ирсэн анхны 3 сар японоор сайн ярьж чадахгүй байсан. Амархан өгүүлбэрийг бол бичиж чадаж байсан ч ярьж хараахан чадахгүй байлаа. Магадгүй ярьж чадах байсан ч өөртөө итгэлгүйгээс болоод ярихгүй байсан байх. Япон хэлийг сурч байхад ойлгохгүй байсан маш олон чухал үгсийг ажлаараа дамжуулж сурч авсан” гэв.

Япон хэлэнд дасах хугацаа нь хүн хүнээсээ шалтгаалан өөр өөр байх ч ихэвчлэн эхний 3-6 сар бол хүндхэн санагдаж, түүнээс хойш бага багаар дасаад ирдэг хүмүүс олон байдаг. Эхэндээ өөр улсад ажиллаж амьдрах нь сэтгэл зүйн хувьд хэцүү байх ч Япон хүмүүс ерөнхийдөө эелдэг найрсаг учраас ойлгохгүй зүйл гарч ирвэл дор бүр нь асууж япон хэлэнд хурдан дасаарай.

 

ЯПОН ХЭЛНИЙ ХЭЦҮҮ ТАЛ ЮУ ВЭ?

Гадаадын иргэдийн хувьд япон хэлний юу нь (унших, бичих, сонсох) хамгийн хэцүү байдаг юм бол? Японд асаргааны ажил хийсэн туршлагатай гадаадын иргэдтэй ярилцлага хийх үед зарим сонирхолтой зүйлсийг олж мэдсэн юм. Хэцүү зүйлсийн нэг нь яах аргагүй “аялга” гэгдэв. Япон улс хойноос урагш үргэлжилсэн урт арлын орон бөгөөд маш олон янзын аялга байдаг, тэдгээр нь одоо ч хэрэглэгдсээр байдаг. Та бүхний сайн мэддэг “Киото”, “Осака”-д ч бас аялга бий. Анкетад доорх хариултууд ирэв.

  • “Кобэ хотод байх асрамжийн газарт ажиллаж байхад ажилчид болоод асруулагчид хоорондоо кансай аялгаар их ярьдаг байсан, анх юу ярьж байгааг нь огт ойлгодоггүй байсан”
  • “Ажилчид болон асруулагчид окаяама аялгаар ярьдаг байсан учир яриаг нь ойлгоход үнэхээр хэцүү байсан. Надтай нэг нутгийн асрагчаар их л туслуулсан даа”

Энгийн япон хэлээр унших, бичихэд ухаалаг утасны апп-ыг түлхүү хэрэглэдэг хүмүүс олон байдаг бололтой. Техник технологийн хөгжил нь биднийг заагласан хэлний ханыг улам бүр намсгаж өгч байгаа бололтой.

 

ЯПОН ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ

Японд асрагчаар ажиллаж байсан гадаадын иргэдээс дараах зөвлөмжүүдийг авлаа. Та бүхэн япон хэл сурахдаа ашиглаад үзээрэй.

  • “Идэвхтэйгээр өөрөөсөө эхэлж яриа өддөг байх. Өгүүлбэр зүй дээр “буруу хэлээд алдчих вий” гэж бодолгүйгээр ямар ч байсан ярих. Манга, анимэнд дуртай бол манга уншсаныхаа дараа адилхан нэртэй анимэг олж үзэх нь ихээхэн нэмэр болно гэж бодож байна. Манга уншсаныхаа дараа анимэг нь үзэхээр ярианы агуулгыг нь ойлгоход илүү амар болдог. Залуу охидод зориулсан кино үзэхийг бас зөвлөмөөр байна. Учир нь өдөр тутмын ярианд хэрэглэгддэг үгс олон гардаг учраас аяндаа ярианы япон хэл сайжирдаг. (Япон хэлэнд эмэгтэйлэг ярих хэлбэр, эршүүд ярих хэлбэр гэж байдаг). Мэдээж сургалтад япон хэлний дүрэм, үгсийн сангийн хичээл ордог ч эхлээд ярихдаа сурах бичиг дээрх шиг яридаг болчихно. Ярианы япон хэл сайжрахад цаг хугацаа их шаардагдана гэж бодож байна” (Индонезоос ирсэн Рисванти)
  • “Япон хэлийг хурдан сурах арга барилууд байдаг. Түүний нэг нь өдөр бүр япон хэлийг сонсох явдал. Эн Эйч Кэй-ийн мэдээ, анимэ, дуу, олон ангит кино зэргийг сонсож, сонссоноо амаараа дуурайж хэлэх, мэдэхгүй үг гарвал тэмдэглэж аваад цээжлэх хэрэгтэй. Японд ирэхийн өмнө сурч байсан япон хэл, ирээд ажиллах үеэр хэрэглэгдэх япон хэл хоёрт ялгаа их бий. Гэхдээ өдөр тутам хэрэглэгдэх үгс болон асаргааны үгсийг сурчихвал ажлаа эхлүүлэхэд маш их тус нэмэр болдог.” (Вьетнам улсын иргэн Хоан Ти Нгок Ан)

 

 

 

Scroll to Top