Япон дахь асрагчийн нэг өдөр хэрхэн өнгөрч, ямар ажлуудыг хийдэг юм бол оо? Асрагчийн ажил хийж байсан туршлагатай хүмүүстэй тэдний ажлын нэг өдрийн талаар ярилцаж үзэв. Асрамжийн газар 24 цагаар ажиллах нь элбэг байдаг тул ажил үүргээсээ хамааран шөнийн ээлжид гарах үе ч байна. Завгүй ажлын завсраараа тэд бүгд асаргааны хичээлдээ ч тэр, япон хэлний хичээлдээ ч тэр шамдаж буй бололтой.
Contents
НЭГ ӨДРИЙН ХУВААРЬ [1]
Ихэнх асрагчид өглөө 8:30-аас ажилдаа гарч, орой 17:30-аас буудаг. Ажиллаж буй асрамжийн газар, ажил үүргээсээ шалтгаалж өглөө эрт эсвэл шөнийн ээлжээр ажиллах ч үе байдаг. Ингээд асрамжийн газрын асрагчийн 1 өдрийн хуваарийг сонирхоцгооё.
Филиппинээс ирсэн Ж-ийн нэг өдөр (Өдрийн ээлж)
7:30 Өглөө босох
8:50 Багийн тэмдэглэлтэй танилцах, өглөөний хуралд оролцох, ээлж хүлээлцэх
9:15 Живх солих, хэвтрээс босох асаргаа
10:00 Шингэн нөхөх, чийрэгжүүлэлт хийх
11:00 Өдрийн хоолны бэлтгэл, эрүүл мэндийн бүртгэл бөглөх
11:45 Хоол тараах, хооллолтын асаргаа
12:00 Амрах (Өдрийн хоолны завсарлага)
13:00 Амны хөндийн арчилгаа, ариун цэврийн өрөөнд хүргэж өгөх
14:00 Хэвтрээс босох асаргаа, живх солих
15:00 Живх бэлдэх, хооллолтын асаргаа, ариун цэврийн өрөөнд хүргэж өгөх
16:00 Эрүүл мэндийн бүртгэл бөглөх, оройн хоолны бэлтгэл, живх солих
17:20 Ажил тарах
22:00 Унтах
Вьетнамаас ирсэн С-ийн нэг өдөр (Өдрийн үйлчилгээ)
8:00 Гэрээсээ гарах, автобусанд суух
8:30 Өглөөний хурал, асруулагчийг гэрээс нь очиж авах
9:30 Цусны даралт, биеийн халууныг хэмжих, усанд оруулах асаргаа
12:00 Амрах (Өдрийн хоолны завсарлага)
13:00 Асруулагчийн гэртээ харих бэлтгэлийг хангах
13:30 Чийрэгжүүлэлт
15:00 Хөнгөн зууш
15:30 Ариун цэврийн өрөөнд хүргэж өгөх, дэмжлэг үзүүлэх, асруулагчийг гэрт нь хүргэх
16:30 Цэвэрлэгээ、бүртгэл хөтлөх
17:30 Ажил тарах
18:00 Гэртээ харих
Өглөө ажилдаа очоод хамгийн түрүүнд хийдэг зүйл бол тэмдэглэлийг уншиж танилцах явдал юм. Өмнөх өдөр болон шөнийн туршид асруулагчдийн биеийн байдал ямар байсан талаар мэдээлэл авч ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг нягталж байж ажилдаа ордог. Японы Хиого муж дахь асрамжийн газарт ажиллаж байсан Вьетнам улсын иргэн Хоан Ти Нгок Ан үдээс өмнө болон үдээс хойно хамгийн их цаг зарцуулдаг ажлынхаа талаар бидэнтэй хуваалцсан юм.
“Үдээс өмнө хамгийн их цаг зарцуулдаг ажил бол бие засах асаргаа байдаг. Үүнд ариун цэврийн өрөөнд хүргэж өгөх, живхийг солих зэргийг хийдэг. Үдээс хойш хамгийн их цаг зарцуулдаг ажил бол усанд оруулах асаргаа байдаг. Ихэвчлэн 1-4 цагийг зарцуулдаг.”
Мөн хэвтэн асруулах төрлийн асрамжийн газарт 24 цагаар асаргаа хийгддэг тул шөнийн ээлжид гарах тохиолдол ч байдаг. Шөнийн ээлжид цөөн тооны ажилчдын хамтаар ажиллах тул хариуцлагатай ажиллахгүй бол болохгүй юм.
Филиппинээс ирсэн С-ийн нэг өдөр (Шөнийн ээлж)
16:15 Ажил эхлэх, ээлж хүлээлцэх
17:15 Оройн хоолны бэлтгэл хийх
17:45 Хооллолтын асаргаа, аяга таваг хураах, ариун цэврийн өрөөнд хүргэж өгөх
19:20 Амралт (Оройн хоолны завсарлага)
20:00 Хэвтрийн асаргаа, живх солих
20:30 Шөнийн ээлжийн ажил үүргийн бүртгэл хөтлөх
23:00 Жижүүрт гарах (Асруулагчийн дуудлагад хариулах гэх мэт)
23:30 Амралт
1:30 Живх солих
3:00 Эргүүл хийх, живх солих
5:00 Өглөөний хоолны бэлтгэл, Хэвтрээс босох асаргаа
7:30 Хоол тараах, хооллолтын асаргаа, аяга таваг хураах, ариун цэврийн өрөөнд хүргэж өгөх
9:20 Ажлаас буух
АЖЛЫН ХАМГИЙН ТААТАЙ ЗҮЙЛС ЮУ ВЭ?
Индонезоос ирсэн Рисванти ажлынхаа таатай зүйлсийн талаар бидэнтэй хуваалцлаа. “Хамт дуу дуулах үед “Сайхан дуулах юмаа” гэж магтуулж байсан. Мөн сонирхолтой сэдвийн талаар ярилцаж байхдаа яриа халаад цаг хугацааг маш зугаатай өнгөрөөхөөр надад сайхан санагддаг. Жишээ нь, мууранд хайртай асруулагчтай муурны талаар ярилцах, дуунд дуртай асруулагчаас дуу сурангаа хамт дуу дуулах гэх мэт.”
Мөн Шизүока дахь асрамжийн газарт ажиллаж байсан Алберт Фернандез ахмад настантай цагийг зугаатай өнгөрүүлэх зөвлөгөөг бидэнд өгөв. “Ахмад настантай ярилцахад тохиромжтой гурван сэдэв байдаг. 1-т цаг агаар, 2-т хоол, 3-т нойроо авсан эсэх. Энэ гурван сэдвээр ярилцангаа ажлаа сэтгэл хангалуун хийх боломжтой гэж бодож байна. Мөн эдгээр асуултуудын ачаар асруулагчийн биеийн байдлыг нь ямар байгааг ойлгож мэдэх боломжтой.”
Ажлаа сэтгэл хангалуун хийхийн тулд харилцаандаа ч бас анхаарах нь чухал бололтой.
АЖЛЫН ХАМГИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗҮЙЛС ВЭ?
Хүн хүнээсээ шалтгаалан аль ч ажил хүнд, хөнгөн санагдах ч “усанд оруулах асаргаа” болон “шилжүүлгийн асаргаа” хамгийн бэрхшээлтэй байдаг гэж нийтлэг хэлэгджээ. Усанд оруулах асаргааны үеэр унагаах эрсдэлтэй учраас анхаарал болгоомж ихээхэн шаарддаг. Мөн өөрөө босож зогсож чадахгүй өндөр настныг орноос тэргэнцэр рүү шилжүүлэх шилжүүлгийн асаргаанд цаг болон хүч шаарддаг байна.
Түүнчлэн ганцаараа хийж чадах хүртэл цаг их орсон ажлуудад “удирдан манлайлах ажил”, “шөнийн ээлжийн ажил”, “усанд оруулах асаргаа” зэрэг нэрлэгдэв. Гагцхүү ажлаа хичээнгүйлэн суралцаад “3 сарын дараа гэхэд ганцаараа шөнийн ээлжид гардаг болсон” гэсэн хүн байхад “Хүний биеийн ажиллах зарчмыг дадлагын үеэр шамдан сурч хөдөлгөөний асаргаа, шилжүүлгийн асаргаанд ашигласан” гэх хүмүүс ч байв. Асрагчид маань хичээл зүтгэл гаргаж, сурч боловсорч бэрх ажлын ард гардаг бололтой.
АСРАГЧИЙН ЭРХ АВАХАД БОЛОН ЯПОН ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД БЭЛДЭХ ЦАГ ГАРДАГ УУ?
Японд асрагчаар ажиллаж буй гадаадын иргэд ажлынхаа хажуугаар асаргааны эрх авах шалгалтад бэлдэх, мөн япон хэлний мэдлэгээ дээшлүүлэх хичээлийг өдөр бүр хийдэг. “Асаргааны шалгалтад тэнцэхийн тулд өдөр бүр багадаа 2 цаг хичээл хийдэг” гэж Вьетнам улсын иргэн Хоан Ти Нгок Ан хуваалцлаа. Мөн асрамжийн газраасаа шалтгаалж төрөл бүрийн дадлагын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Филиппинээс ирсэн Алберт Фернандезийн ажиллаж байсан Окаяама дахь асрамжийн газар “Долоо хоногт 1 удаа асаргааны багштайгаа асаргааны хичээл, япон хэлний багштайгаа япон хэлний хичээл” хийдэг байжээ.
Япон хэлний хувьд сурах бичиг ашиглан сурахаас гадна “Япон хүнтэй өөрөөсөө хичээл зүтгэл гарган идэвхтэйгээр харилцан ярилцаж, кино болон анимэнээс шинэ үг сурсан”, “Япон хэлийг ном уншиж, зурагт үзэж, дуу дуулж байж сурсан. Шинэ ханз эсвэл үг таарвал тэмдэглэж аваад цээжилдэг байсан” гэсэн сэтгэгдлүүд ирсэн нь асрагчид маань ямар их хичээл зүтгэл гаргаж шамдан суралцдагийг илтгэж байна.