ЯПОН УЛС ГАДААДЫН ИРГЭДЭД АМЬДРАХАД ХАМГИЙН ТААТАЙ УЛС ОРНУУДЫН НЭГ

Хүмүүс Япон улсыг амгалан тайван улс орнуудын нэг гэж нэрлэдэг. Үнэхээр л 2020 оны 6-р сард танилцуулагдсан Дэлхийн улс орнуудын энх тайвны индексээр Япон улс 9 [1] -т жагссан бөгөөд хөгжингүй орнууд дундаа Канадын араас удаалж өндөр үзүүлэлт үзүүлсэн юм. Японд галт зэвсэг, мэсний төрлийн хяналтын тухай хууль байдаг учир буу, сэлэм биедээ авч явдаг хүн байхгүй (мэдээж бүсэндээ сэлэм зүүсэн самурай ч бас байхгүй). Японд ажиллаж, амьдарч үзсэн гадаадын иргэдээс санал асуулга болон ярилцлагаар дамжуулан тэдний Япон дахь амьдралын талаар сонирхлоо.

[1] Global Peace Index © Institute for Economics and Peace

Contents

ЯПОНД ОРОЙ ҮДЭШ ГАДУУР ГАРАХАД АЮУЛТАЙ ЮУ?

Ойта мужид ажиллаж байсан Непал улсын иргэн Мани Гяавали “Миний амьдарч байсан газар ямар ч аюулгүй их тайван амгалан байсан. Албан ажил болон хувийн ажлаар гадагш гарахдаа өглөө, өдөр, орой санаа зоволгүй хүссэнээрээ гарч орох боломжтой байдаг. Төрсөн нутаг Непал улстайгаа харьцуулахад Япон улс хэдэн цагт ч хамаагүй амар тайван байдаг нь надад тун таатай санагдсан” гэж хэлжээ. Харин “Филиппинтэй харьцуулахад оройн цагаар Японд аюулгүй байдаг. Нэг удаа шөнийн бар, цэнгээний гудамжаар явж байхад согтуу хүн араас дуудаж байсан таагүй дурсамж байдаг.” гэж Филиппин улсын иргэн Анние хариулжээ.

Мөн Японд ирээд удаагүй Монголоос ирсэн Батгэрэлийн Ариунгэрэл “Японд анх ирэхээсээ өмнө би хувьдаа амар тайван, аюулгүй улс гэсэн төсөөлөлтэй байсан. Гэвч Японд ирсний дараа мэдээгээр гэмт хэрэг, ослын талаар маш их мэдээлж байсан болохоор цаанаасаа л түгшүүртэй болж эхэлсэн” гэж хэлэв. Үнэхээр Япон улс амар тайван орон ч гэсэн болгоомж хэзээд илүүдэхгүй тул эмэгтэй хүн ганцаараа хөл хөдөлгөөнтэй газраар шөнийн цагаар явахаас зайлсхийх нь дээр байж мэднэ.

 

ХОТЫН ГУДАМЖ ЦЭВЭРХЭН ҮҮ?

Гадаадын иргэд анх Японд ирээд “Машин замаар явж буй машинууд цэвэрхэн юмаа” гэж уулга алдах нь бий. Метро, автобус зэрэг нийтийн унаа ч мөн цэвэрхэн, ихэнх тохиолдолд газар унасан хог ч бараг байдаггүй. “Японы хог хаягдлын менежмент болон хот тэр чигээрээ үргэлж цэвэрхэн байдаг нь маш их таалагдсан. Мөн цэцэрлэгт хүрээлэнд бие засах газар, ундны усны газар байгааг анх хараад алмайрч байлаа. Тэгэхэд л Япон хүн ёс зүйтэй байх тал дээр өндөр ухамсартай байдгийг мэдэрсэн” гэж Непал улсаас ирсэн Мани Гяавали хэлсэн юм. Харин бие засах газрын цэвэр цэмцгэр байдлын тал дээр хүмүүс өөр өөр бодолтой байдаг бололтой. “Томоохон дэлгүүр, худалдааны төвийн ариун цэврийн өрөө маш цэвэр цэмцгэр байдаг ч нийтийн эзэмшлийн газрын ариун цэврийн өрөө бохир байх нь олон. Жишээ нь метроны буудлын ариун цэврийн өрөө үнэхээр таагүй үнэртэй байдаг” гэсэн сэтгэгдэл ч ирсэн.

Япон хүмүүсийг ёс зүй болон дүрэм журмыг ягштал баримталдаг үндэстэн гэж хэлдэг. Тиймээс ч Япон гудамж талбай ихэвчлэн цэвэрхэн байж, бохир сэтгэгдэл төрүүлэх нь ховор байдаг. Нөгөө талаасаа гадаадын иргэдэд ойлгоход хүндрэлтэй дүрэм журмууд ч байдаг.

Индонезоос ирсэн Рисванти “Японд маш их дүрэм журам байдаг учраас нэг нэгээр нь суралцах нь зүйтэй” гэв.

 

ЭХ ОРОНТОЙГОО ХАРЬЦУУЛАХАД БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЯМАР БАЙДАГ ВЭ?

Японы бараа бүтээгдэхүүний үнийн хувьд ерөнхийдөө хямд эсвэл үнэтэй гэж хэлэхэд хэцүү ч гэсэн зүүн өмнөд Азийн улсуудын өнцгөөс харахад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр санагддаг бололтой. Япон улсад амьдарч буй Филиппин улсын иргэн Анние хэлэхдээ “Филиппинд юмны үнэ хямдхан байдаг. Японд жимс, ногоо, такси, пицца үнэтэй талдаа байдаг, үүнийгээ дагаад цалин ч бас өндөр байдаг. Харин цахилгаан болон усны төлбөр манай оронтой харьцуулахад арай хямдхан байж магадгүй. Мөн эмнэлгээс бичиж өгсөн эмийг эрүүл мэндийн даатгалаар авчихдаг учраас харьцангуй хямд тусдаг” гэв. Мөн Японд амьдарч байсан Непал улсын иргэн Мани Гяавали “Анх Японд ирээд бараа бүтээгдэхүүний үнийг хараад их гайхаж байсан. Жишээ нь 10 кг будаа манай улстай харьцуулахад 5 дахин үнэтэй байлаа. Гэвч амьдраад ирэхэд аяндаа дасаад нэг их анзаарахаа больчихдог. Учир нь өртөг өндөр ч дундаж цалин түүндээ таарсан байдаг учраас тэр байх. Японд дөнгөж ирсэн хүнд бол өртөг өндөр санагдаж магадгүй” гэв.

Нөгөө талаар сүүлийн хэдэн арван жилүүдэд Японд барааны үнэ бараг өсөөгүй билээ.

“Монгол руугаа хариад 6 жил болсны дараа дахин Японд ирээд ихэд гайхах сэтгэгдэл төрж байлаа. Яагаад гэвэл өмнө нь Японд амьдарч байхдаа идэж уудаг байсан талх, зайрмаг, рамен, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ 6 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй байлаа. Япон улс Монгол улстай харьцуулахад инфляцын түвшин бага учраас хувийн санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахад амар байдаг” гэсэн сэтгэгдэл ч ирсэн юм.

Одоо үед интернетээр аливаа бараа бүтээгдэхүүний үнийг тэр дор нь мэдэх боломжтой учраас Японд ирэхийн өмнө өдөр тутмын хэрэгцээт зүйлсийнхээ үнийг нягтлаад ирэхэд илүүдэхгүй болов уу. Японд ирэхийн тулд мөнгө санхүүгийн бэлтгэл болон амьжиргааны зардлын төлөвлөгөөтэй байх нь чухал юм.

 

ХҮССЭН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ АВАХАД АМАРХАН БАЙДАГ УУ?

Урьд өмнө нь очиж байгаагүй газар амьдрахад хоол хүнсний асуудал хамгийн түрүүнд санаанд буух болов уу. Эх орондоо хэрэглэж дадсан хүнс, хоолны амтлагч байгаа болов уу, хаанаас авах боломжтой бол гэх мэтчилэн санаа зовж магадгүй. Үнэндээ бол Япон улсын хоолны нэр төрөл арвин, ямар ч төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг олж авахад хялбар, хоолны газар ч төрөл төрлөөрөө байдаг учир хоолны тал дээр санаа зовох шаардлага гарахгүй болов уу. Японд амьдарч байсан гадаадын иргэдийн хэлсэн сэтгэгдлийг сонирхоцгооё.

  • “Хятад, европ хоолны газруудын сонголт арвин байдаг. Томоохон хотуудад бусад улсын ховор сонин хоолтой зоогийн газрууд ч байдаг. Жишээ нь: Перу үндэстний хоол, Этиоп үндэстний хоол, Узбекстан үндэстний хоол гэх мэт. Мэдээж түргэн хоол ч бас зөндөө бий. Гэхдээ манай үндэстний хоолыг санал болгодог зоогийн газрын амт тийм ч гоё биш, бас үнэтэй байдаг учраас өөрөө хүнсээ цуглуулаад гэртээ хийж иддэг. Интернет дэлгүүрээр дамжуулан өөрийн нутгийн хоолны амтлагчаа авчихдаг”.
  • “Японд анх ирээд япон хоолыг идэж чадахгүй их хэцүү байдаг байсан. Эхэндээ хэрэгтэй хүнсний материалаа супермаркетаас аваад нутагтаа иддэг байсан шигээ хоол хийж иддэг байсан. Гэвч аяндаа амьдраад ирэхээр япон хоолыг ч сайн иддэг болж, гэртээ ч япон хоол хийж иддэг болсон. Нутгийнхаа хоолыг санахаараа зоогийн газар очиж иддэг. Ойрхон хүнсний дэлгүүрүүд болон интернет дэлгүүрүүдэд төрөл бүрийн хоолны материал худалдаалж байдаг тул хоолон дээр асуудал гардаггүй байсан” гэв.

 

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

Одоогоор корона вирусийн тархалт, дэгдэлтийн улмаас шилжилт хөдөлгөөн хязгаарлагдмал хэцүү цаг үе ч гэлээ Япон улсын дотоодын тээврийн сүлжээ сайн хөгжсөн тул нисэх онгоц, метро, хот хоорондын автобус зэргийг ашиглаад амралтын өдрөөрөө ч гэсэн олон газраар аялах боломжтой.

Монголоос ирсэн Анарбаяр Рэнчинхорол “Япон орон ерөнхийдөө амар тайван орон учраас эмэгтэй хүн ганцаараа аялах ч бүрэн боломжтой” гэжээ. Мөн гэрээсээ нэг их холдолгүйгээр кино үзэх, дэлгүүр хэсэх зэргээр өнгөрүүлж болно. Орон нутагт бол япон хүүхдүүдэд крикет зааж өгөх, соёлын солилцооны арга хэмжээнд оролцох, караоке дуулалтын тэмцээнд оролцох зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг хүмүүс ч бас байдаг.

Филиппинээс ирсэн Анние “Амралтын өдрүүдэд ойролцоох кофе шопуудаар үйлчлүүлэх дуртай. Мөн олны хөл ихтэй дэлгүүрүүдээр орох, зоогийн газар очиж хооллох дуртай. Орон нутгийн баярын арга хэмжээ тэр дундаа баяр наадам, үзэсгэлэн гэх мэтэд оролцох нь сонирхолтой санагддаг. Түүнээс гадна Япон соёлтой танилцах боломжийг олгодог тул Японы цайны ёслол зэрэг соёлын арга хэмжээнд бас маш их дуртай. Аль болох их аялж, японы нийт 47 мужийг бүгдийг нь үзэхийг зорьж байгаа” гэв.

Японд асрагч, сувилагчаар ажиллахад сувилахуйн шалгалтын хичээл, япон хэлний хичээл гээд амралтын өдрүүдээр ч мөн завгүй байдаг ч гэсэн ядрахгүйн тулд амралтын өдрөөрөө хичээнгүйлэн гадагш гарч Япон орныг улам таньж мэдэхийг зориорой.

 

 

 

Scroll to Top