Гадаад орноос Японд ирж асаргааны ажил хийхэд Япон хүнтэй харилцаж ойлголцох тал дээр хэн бүхэн санаа зовдог болов уу. Асаргааны ажилд бусадтай харилцах харилцаа ихээхэн жин эзэлдэг. Энэ удаад ч мөн орон орны асаргааны ажилтнуудтай хамт ажилладаг Япон хүмүүстэй ярилцсан юм.
Contents
Ярилцлагын бичлэгийг мөн үзэж сонирхоно уу
Орон орноос ирсэн гадаадын иргэд ажилладаг байгууллагын Япон ажилтнуудын яриаг нэгтгэн хүргэж байна. Та бүхэн ярилцлагын бичлэгийг мөн үзэж сонирхоно уу.
〇Токүшима мужид Бангладешийн иргэн Нүр, Файсал нартай хамт ажилладаг Ёшида
〇Ибараги мужид Монголын иргэн Оогий, Шүрээ нартай хамт ажилладаг Арай, Ийда
〇Нагасаки мужид Шриланкын иргэн Ситүмини, Ашини нартай хамт ажилладаг Күбота
〇Ибараги мужид Тайландын иргэн Таатай хамт ажилладаг Мүраками
Гадаад хүмүүстэй хамт ажиллахын сайхан тал нь юу вэ?
(Ёшида)Эхэндээ Японоор бараг ярьж чадахгүй, сайн ойлгодоггүй байсан. Тиймээс ойлгуулахын тулд аль болох тэдэнд хялбараар хэлж ойлгуулах гэж их хичээсэн. Өөрийнхөө заах арга барилыг шалгангаа хамт ажиллаж буй тул би өөрөө ч хөгжсөн санагддаг.
Арай)Хоёулаа их сэргэлэн. Инээж хөхөрч, юм зааж өгөхөд 「Уучлаарай, алдаа гаргачихлаа!」 гэж хэлэх зэргээр хариулдаг тул хамт ажиллахад сайхан байдаг.
(Ийда)Миний хувьд ч бас адилхан, их цовоо, орж ирээд 「Өглөөний мэнд!」 гээд цовоогоор мэндэлдэг тул эндхийн үйлчлүүлэгч эмээ өвөө нар ч гэсэн инээмсэглээд 「Их цовоо хүүхэд оржээ」 гээд таньдаг болчихсон. Цовоо, ажилсаг. Хэн ч хараагүй байхад их хичээл хийдэг болохоор би ч гэсэн сурахгүй бол гэж боддог тул сайнаар нөлөөлдөг.
(Күбота)Чөлөөт амралтын цаг зэргээр соёлын солилцоо явагдахад үйлчлүүлэгчид ч мөн тэдний яриаг их сонирхон сонсдог.
(Мүраками)Үргэлж цовоо, өөдрөг байдаг тул би ч гэсэн өөдрөг байхын төлөө хичээе гэж бодож байна. Бас ажлаа хийхдээ ч, юм сурахдаа ч бүх чадлаараа хичээдэг, түүнээс нь би ч гэсэн суралцах ёстой санагддаг.
Япон ажилтнууд гадаад ажилтнуудтай хэрхэн харилцаж ойлголцдог вэ? Анхаарч ажилладаг зүйл байвал хэлж өгнө үү.
(Ёшида)Ер нь бол Японоор харилцдаг ч дохио зангаа, бага зэрэг англи хэл оролцуулахыг хичээдэг.
(Ийда)Бид бол хэл мэдэх учраас хурдан ярьчихдаг ч тэдний хувьд заримыг нь гүйцэд сонсож чаддаггүй тул нүд рүү нь харж, нүүрний хувирлыг нь ажиглан, удаан ярихыг хичээдэг.
(Арай)Саяын Ийдагийн ярьсан шиг яах аргагүй удаан ярьдаг, бас урт өгүүлбэрээр хэлчихээр ойлгодоггүй учраас богино өгүүлбэрээр, ойлгомжтой ярьж ойлголцохыг хичээдэг. Өөр бас дохио зангаа ашиглан 「бүрэн дүүрэн ойлгосон」 эсэхийг нь нягтлангаа харилцан ойлголцдог.
(Күбота)Сонсож гүйцэх хэмжээнд удаан ярьж хэцүү үг, мэргэжлийн хэллэгийг сайтар тайлбарлаж ойлгуулдаг.
(Мүраками)Ерөнхийдөө Японоор ярьдаг. Царай, нүүрний хувирлыг нь харж ажиглан эсрэг хүнээ ойлгосон эсэхийг нягталж харьцдаг. Өөрөө 「Ойлголоо」 гэж хэлдэг ч тэр үед нь давтан хэлүүлж ойлгосон эсэхийг нь шалгах тохиолдол ч бий. Мөн өөрт нь сонсож ойлгоход хялбараар удаан ярьдаг.
Гадаад ажилтнуудын ажлаа хийх, өдөр тутам харьцах явцад гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байвал хуваалцахгүй юу.
(Ёшида)Тэдний хувьд нэг бүрчлэн харж сурдаг. Хараад их түргэн тогтоодог болохоор маш их гайхсан.
(Арай)Саяын эхний асуултын үеэр хэлсэнчлэн, талархлаа илэрхийлж чаддаг, 「Уучлаарай」 гээд уучлал гуйж чаддаг. Тийм тал олон байдаг учраас байнга харьцахад миний хувьд сайхан байдаг. 「Сайхан сэтгэгдэл」 хүчтэй төрсөн гэх үү дээ、тийм учраас болж өгвөл энэ чигээрээ үлдээсэй гэж хүсдэг. Хамт ажиллахад сайхан байдаг.
(Ийда)Эндхийн ажилтнууд болон үйлчлүүлэгчидтэй юм ярьж байхад яриаг их хөгжөөдөг болохоор яриа хөөрөө, инээд хөөр нэмэгдсэн. Тухайн орчны уур амьсгал гэгээлэг сайхан болдог.
(Күбота)Шриланк каррины эх орон тул амралтын чөлөөт цагаар дадлагажигчаар Шриланкын даал карри хийлгэж үйлчлүүлэгч нарт өгсөн. Япончуудын дасаагүй амттай байсан хэдий ч үйлчлүүлэгчид「Амттай байна」 гээд зооглож байсан нь сэтгэлд хоногшиж үлджээ.
(Мүраками)Ямартай ч үргэлж цовоо байдаг. Үйлчлүүлэгчидтэй ч, ажилтнуудтай ч байнга инээмсэглэж харьцдаг гэсэн сэтгэгдэл төрсөн.
Гадаад ажилтнуудын талаарх байгууллагаар үйлчлүүлэгч хүмүүсийн санаа бодол ямар байдаг вэ?
(Ёшида)Япон хэл сурахын тулд тэд их ярьдаг. Үйлчлүүлэгчид, ажилтнуудтай ярих их дуртай бололтой. Үйлчлүүлэгчид ч бас юм ярихад хөгжилтэй гэж хэлдэг.
(Ийда)「Цовоо юм」гэх ч юмуу「Японоор сайн ярьж байна」, 「Хичээж байна шүү」гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлэх нь их байдаг.
(Арай)Тийм шүү. 「Хичээж байгаа」 нь үйлчлүүлэгчдэд ч мэдрэгддэг болохоор 「Хичээж байгаа」 гэсэн тэрхүү үнэлгээ нь Оогий, Шүрээ хоёрын аль алинд нь мэдрэгддэг гэж бодож байна.
(Күбота)Эхэндээ зарим үйлчлүүлэгчид айдаг байсан ч дадлагажигчид тэдэнтэй эелдэг харьцдаг учраас одоо бол ажилдаа ирэхийг нь тэсэн ядан хүлээдэг үйлчлүүлэгчид ч бий.
(Мүраками)Учиргүй дургүйцэх, эсвэл гомдол гаргах зүйл байдаггүй. Цовоо, хүндэтгэлтэй ханддаг учраас Япон ажилтнуудтай адил үйлчлүүлэгчид маань ч санаа амар байдаг гэж бодож байна.